Нэгдүгээр бүлэг: Нямаа
Нямаа бол бичил уурхайчин залуу. Түүний үзэсгэлэнт эхнэр ууган хүүхдийг нь тээж байгаа учир Нямаа туйлын аз жаргалтай байгаа. Тэрээр анх 16-хан насандаа аав ээждээ бичил уурхайгаар алт олборлоход нь тусалж тухайн үеийн хэллэгээр “нинжа” хийж эхэлсэн байна. Тэрээр хүдэр бутлах, шуудайлах, шуудайлсан хүдрээ зөөх зэргээр аав ээждээ багагүй тус дэм болдог байв. Тиймээс дөмөгхөн орлого олох боломжит цорын ганц ажил бол бичил уурхай гэж бага залуу наснаасаа л бодож өссөн нь энэ. Мэдээж орон нутагт төрж өссөн учир мал маллах, сумын төвдөө ажил олох гэж зүтгэсэн боловч нэг л болохгүй байлаа. Нямаагийнх угийн мал хуй цөөтэй, нэрмээс гэгчээр Нямаа суурь боловсрол бүрэн эзэмшээгүй, 8 дугаар ангиа төгсөөд л сургуулийн бараа хараагүй түүнд бичил уурхай нь л хийж дадсан, магадгүй хийж “барах”, цорын ганц тогтвортой хөдөлмөр мэт санагддаг байлаа. Гэвч тэрээр ганц зүйлийг чандлан бодож явдаг нь хүүхдүүдээ бичил уурхайд яагаад ч оруулахгүй гэх бодол байв. Учир нь бичил уурхай гэх энэ ажил тийм ч амар орлого олох арга биш билээ. Аав, ээж нь Нямааг бүр бага байхад нь амьжиргаагаа залгуулж, гэр бүлээ тэжээхийн тулд байнга дүү нартай нь айлд үлдээж, алс холыг зорин, улирал үл харгалзан жил тойрон олон хоногоор алтанд явдаг байжээ. Заримдаа таньдаг айлдаа, заримдаа бүр танихгүй шахам айлд үлдэж хоцрох өдрүүд цөөнгүй гардаг байлаа. Энэ бүх бага насны дурсамжаа Нямаа маш тодоор санадаг учраас хүүхдүүдээ өөрөөр амьдраасай гэж хүсдэг нэгэн.
Өнөөдөр Нямаа өөрийн гэсэн бичил уурхайн нөхөрлөлтэй болж, шинэ гэгээлэг амьдралыг мөрөөдсөөр. Түүний нөхөрлөлийн гишүүд нь түүний хамаатан садан, найз нөхөд нь бөгөөд бүгд нэг нутгийнх. Нямаагийн аав ээж нь ихэнхдээ гэрээсээ хол байдаг байсан ч хүүхдүүддээ зөв хүн байхын утга учрыг ойлгуулж, зөв хүмүүжилтэй, хууль дүрмээ дагадаг, байгаль эхээ дээдэлдэг, бусдыг боддог, сайхан сэтгэлтэй хүн болгож өсгөж чаджээ. Саяхныг хүртэл түүний аав, ээж хууль бусаар бичил уурхай эрхэлдэг байлаа. Монгол Улсад бичил уурхайн шинэ журам батлагдаад байгаа учраас Нямаа албажсан бичил уурхайчин болохыг хүсэх болов. Тэрээр хууль бус зүйл хийж, цагдаа нараас айж эмээн амьдрахыг хүсэхгүй байлаа. Нямаа хэнээс ч айлгүй, өөрийн хийж сурсан ажлаа нүүр бардам хийж, үнэнч шударгаар хөдөлмөрлөх хүсэлтэй. Даанч бүх зүйл тийм ч амар дардан байсангүй. Үүгээр Нямаагийн албажуулалтад хүрэх зам эхэлж байгаа нь энэ.
Хоёрдугаар бүлэг: Бичил уурхайн газрын зөвшөөрөл
Бичил уурхайн албажуулалтын хамгийн гол алхам нь газрын зөвшөөрөл бөгөөд энэ нь бичил уурхайчдын хувьд хамгийн хүнд хэцүү зөвшөөрлийн үе шат юм. Энэ үе шатанд цаг хугацаа зарцуулах нь их, хүчин чармайлт, тэсвэр тэвчээр ч яггүй ихээр гаргах хэрэгтэй болдог. Гэсэн хэдий ч бичил уурхайчид үнэнч шударгаар явахад үхэр тэргээр туулайг ч гүйцнэ ээ хэмээн итгэн зүтгэнэ.

Дээрх зурагт дүрсэлснээр Нямаа хамгийн түрүүнд олборлолт явуулах боломжтой газраа сонгож, координатыг нь тодорхойлох хэрэгтэй. Энэ нь өмнө нь хэн нэгэн олборлолт явуулж байсан ч одоо хаягдаж, орхигдсон газрыг олж тогтооно гэсэн үг. Үүнийг Монголын байгаль орчны эрх бүхий байгууллагаас шинээр шаардаж эхэлсэн шаардлага бөгөөд яагаад ийм шаардлага тавих болсныг Нямаа болон түүний нөхөрлөл сайн ойлгохгүй байгаа. Бусдын гараар дамжсан, орхигдсон газар бичил уурхай эрхлэх нь эдийн засгийн үр ашигтай байж чадах болов уу? Хэдийгээр ойлгоход хэцүү ч Нямаагийн нөхөрлөл бүгдийг хууль ёсны дагуу хийж, айж ичих зүйлгүй бичил уурхай эрхлэх зорилготой учир үзээд алдахаар шийджээ. Тэд удаан хайсны эцэст бичил уурхайгаар олборлолт хийх боломжтой алтны үндсэн ордын талбай олжээ. Гэхдээ албан ёсоор газрын зөвшөөрөл авахад төрийн гурван байгууллагаас зөвшөөрөл авах хэрэгтэй. Энэ нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал юм. Эдгээр зөвшөөрөл, баримт бүрдүүлэлтийн алхмууд бүгд нийлээд нэг жил гаран эсвэл түүнээс ч удаан хугацааг авч болно. Энэ хооронд нөхөрлөлийн гишүүд олон удаа нийслэл хот руу явж, дээрх албан газруудаар орж зөвшөөрөл аль шатандаа яваа, эсвэл юунд удаад байгааг лавлаж өөрсдөө хөөцөлдөх ажил ундарна. Хүсэлт нь сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлаас зөвшөөрөл авах шатандаа ирсэн бол бичил уурхайн нөхөрлөл газрын зөвшөөрлөө авахад тун ойрхон байгаа гэсэн үг.
Гэсэн хэдий ч албажсан бичил уурхайчин болох зам ингээд дуусахгүй ээ. Сумын иргэдийн төлөөлөгчдийн хурал нөхөрлөлийн албажих хүсэлтийг сонсож, санал хурааж, энэ газрыг бичил уурхайгаар олборлуулах үгүйгээ шийднэ. Нямаагийн нөхөрлөл тун удахгүй албажсан газартай болох нь хэмээн тэсэн ядан хүлээж байсан ч зарим нэг төлөөлөгчид “бяцхан санхүүгийн дэмжлэг” хүсэж буйгаа нуулгүй илэрхийлж эхэлжээ. Гэвч Нямаа үнэнч шударга зандаа хөтлөгдөн, орон нутагтаа кампанит ажил өрнүүлж, энэ газрын зөвшөөрлийг олгосноор олон нутагт ажлын байр нэмэгдэж, эдийн засгийн үр ашигтай гэдгийг ойлгуулснаар эцэст нь хүссэн зөвшөөрлөө авч чаджээ. Ингээд тэд сумын засаг дарга, Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбоотой гурван талт гэрээгээ байгуулж чадлаа.
Энэ бүхний эцэст Нямаа ба түүний нөхөд газрын зөвшөөрлөө авч, түүний анхны хүүхэд мэндэлж, давхар баяртай сайхан үе тохиолоо.
Гэсэн хэдий ч үндсэн ордод бичил уурхай эрхлэх нь амар хялбар биш. Нялх биетэй эхнэр хүүхдээ тэжээхийн тулд Нямаа гэр бүлээ олон хоногоор орхин явж, урт удаан өдөр шөнийг харанхуй нүхэнд алтны чулуу олборлон өнгөрүүлж байлаа. Түүнд өөр сонголт байсангүй. Нямаа өнөөдөр хүнд хэцүү хөдөлмөр эрхэлж, гэрээсээ хол явж, өдөр хоногууд хатуухан өнгөрч байгаа ч энэ бүхнийг гэр бүлийнхээ гэгээлэг ирээдүйн төлөө хийж байгаа учир эрч хүч дүүрэн ажиллаж байна.
Гуравдугаар бүлэг: Хүдрээс алт гаргах хүнд хэцүү үе шат
Нямаагийн нөхөрлөл олборлосон хүдрээ боловсруулж, алтаа авах цехгүй учраас тэрээр хүдэр олборлох бүртээ 300 км зам туулж, хүдэр баяжуулах цех рүү тээвэрлэдэг. Түүний найз Бямбаа тус цехийн эзэн бөгөөд энэ цехээ байгуулж босгохын төлөө хэчнээн их бичиг баримт бүрдүүлж, хэчнээн зөвшөөрөл хөөцөлдсөнөө ярьж өгчээ.
Гурван жилийн өмнө Бямбаа хүдэр боловсруулах бизнест хүч үзэхээр зорьсон ч эхлэлийн хөрөнгөө олох гэдэг том саадтай тулгарч гэнэ. Энгийн, сонгодог бизнес биш учраас хөрөнгө оруулалт, зээл олдохгүй хэцүү байлаа. Алтны хүдэр боловсруулах мөнгөн усгүй цех ажиллуулна гэдэг тийм ч амар хөрөнгө мөнгөө олчихдог бизнес биш юм. Алтны хүдэр боловсруулах том, жижиг бүх л үйлдвэр ялгаагүй нэг л дүрэм, журам, шаардлагыг дагаж ажилладаг. Тиймээс Бямбаагийн хувьд цехээ дүрэм, журмын дагуу ажиллуулна гэдэг давж гаршгүй хүндрэлтэй ”даваа” юм. Тэдгээр шаардлагуудад тухайн цехэд орж ирж байгаа бүх хүдрийн гарал үүслийг ил тод эсэхийг баталгаажуулж, Техник эдийн засгийн үндэслэл, мөн Байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийлгэх орно. Эдгээр бичиг баримтыг батлуулахын тулд ихээхэн цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулахын сацуу, төрөл бүрийн эрх бүхий байгууллагын хүнд сурталтай нүүр тулах хэрэг гарна.
Зарим судлаачдын үзэж буйгаар алтны хүдэр боловсруулах цех барьж, зохих зөвшөөрөл олох зардал нь 300 мянгаас 400 мянга хүртэлх ам.долларын зардалтай байдаг бөгөөд цех бүрэн баригдаж, зөвшөөрлөө бүрдүүлэх үйл ажиллагаа нь 5 хүртэлх жилийг шаардах магадлалтай. Үүний сацуу хүдрийн нийлүүлэлт маруухан байхаас гадна томоохон үйлдвэрт тавигддаг шаардлагыг биелүүлэхэд Бямбаа шиг жижиг оврын үйлдвэр ажиллуулдаг хүмүүст хэцүүхэн байдаг ажээ. Үйлдвэрээ байгуулсны дараа ч гэсэн хууль дүрэм журмыг биелүүлж, мөрдөхөд ойлгомжгүй, заримдаа огт боломжгүй, хэцүү үеүд тохионо. Жишээлбэл, дээрх журамд байгаа хүснэгтэд алтны хүдэр боловсруулах цех нь гарал үүсэлтэй хүдэр боловсруулах ёстой хэмээн нэгхэн заалтаар дурддаг ч гарал үүсэл гэж юу болох, түүнийг хэрхэн бүртгэх, хэрхэн мөрдлөг болгох талаар өөр заалт огт байдаггүй.
Дөрөвдүгээр бүлэг: Алтны нийлүүлэлтийн сүлжээ
Нуруу авам хүнд шуудайтай чулууг уулын дээш, доош зөөсний эцэст олигтой алт гаргаж, үнэ хүргэж борлуулж чадах болов уу? Миний олборлосон энэ гялалзсан шар алт эцсийн дүндээ ямар эд зүйл болж хувирах бол?
Алтны хүдрээ Бямбаагийн үйлдвэрт боловсруулсны дараа Нямаа гаргаж авсан алтаа өөрийн найз Баатарт борлуулдаг. Баатар алтны наймаа хийгээд дажгүй олон жилийг өнгөрөөжээ. 2021 онд Баатар өөрийн алт борлуулах үйл ажиллагааг албажуулах үүрэгтэй болсон хэдий ч төр засаг өөрийнх нь бизнесийг албан ёсны үйл ажиллагаа хэмээн үзэж, албан ёсоор үнэт металл борлуулагчаар ажиллах боломж олгосонд Баатар баяртай байлаа. Энэхүү шинэ хууль дүрмийн өмнө түүний үйл ажиллагаа “саарал” зах зээлд хамаарагддаг байжээ. Нямаа, Бямбаа хоёртой харьцуулахад Баатарын хувьд алтны худалдаа эрхлэх үйл ажиллагаагаа албажуулан, албан ёсны зөвшөөрлөө авахад тун чиг амар хялбар байлаа. Хэдий тийм ч Баатар албан ёсоор үргэлжлүүлэн ажиллахад мөн л саад тотгорууд тулгарч байгаа талаар Нямаад ийн тоочив.
-
Өргөн уудам нутагтай Монгол нутагт маань гуравхан сорьц тогтоох лаборатори байдаг бөгөөд Баатарт хамгийн ойр нь нийслэл хот Улаанбаатарт байдаг учир тэрээр хэдэн зуун километр явж, алтаа сорьцлуулж борлуулдаг. Дараалал их, бага байхаас хамааран тэрээр заримдаа хэдэн өдрийг хотод өнгөрүүлэх ч хэрэг гарна.
-
Сорьцын лаборатори алтны жижиг хэсгийг өрөмдөн авч үлдээд, сорьцын үр дүнгээ баталгаажуулсны дараа буцаан өгдөг бөгөөд тэр жижиг алтаа буцаан авахын тулд олон сар хүлээх хэрэгтэй болдог.
-
Татварын алба Баатарын зарсан алтны нийт үнэд хамааруулан татвар оноодог боловч Баатар тухайн алтыг дамжуулан борлуулсныхаа төлөө л ашиг хүртэж буй юм. Өөрөөр хэлбэл, тэрээр алтны өдөр тутмын ханшийг судалж, ханшийн зөрүүнээс нь л ашиг олдог. Баатар тухайн алтны ихэнх орлогыг алтны арилжаа эрхлэгч бус олборлогч нь олж байгааг тайлбарлах гэж оролдоход Татварын алба нь эргээд Баатараас борлуулагч нараа ил тод болгож, гарал үүслийн бичиг баримтаа үнэн бодитой хөтлөхийг шаарддаг. Харамсалтай нь Монголд бичил уурхайн албажсан газар хомс, ихэнх нь албан бусаар ажилладаг тул Баатарт гарал үүслийн бичиг баримт бүрдүүлэхэд улам хүндрэлтэй болж байгаа юм.
Нямаа-бичил уурхайчин, Бямбаа-алтны хүдэр боловсруулагч, Баатар-алтны худалдаачин. Энэ гурван найз бүгд л зөв зүйтэй байж, хууль ёсоор ажиллаж аж амьдралаа авч явахыг хичээж байна. Эрхэлж буй үйл ажиллагааных нь онцлогоос хамаарч тэдэнд учирч буй саад тотгор бүр нь өөр өөр боловч тэр гурав гурвуулаа энэ салбарын албажуулалтын бодлого зохицуулалтыг гайхан, эргэлзэж байна. Тэдний үйл ажиллагаа хоорондоо нягт уялдаа холбоотой бөгөөд нэгнийх нь үйл ажиллагаа нөгөөдөө заавал нөлөөлдөг. Харамсалтай нь алтны нийлүүлэлтийн сүлжээг зохицуулж буй зохицуулалт нь эдгээр оролцогчдыг нэгдмэл байдлаар харж, нэг сүлжээний оролцогч талууд хэмээн ойлгохгүй байна. Тэдгээрийг нэгдсэн бодлогоор зохицуулах шаардлагатайг хүлээн зөвшөөрөхгүй, албажуулалтыг илүү хялбар, дараагийн үйл ажиллагаатай нь уялдаатай зохицуулахын ач холбогдлыг үгүйсгэсэн мэт санагдана. Гурван найз нэг л зүйл дээр баттай санал нийлж байна: хууль бусаар ажилладаг байхад амьдрал илүү амар ч байсан юм шиг. Хуулиа мөрдөөд, албан ёсоор ажиллаж хөдөлмөрлөх гэтэл яагаад ийм хүнд хэцүү байгаа юм болоо?